Wednesday, September 25, 2013

Алтан загас – Goldfish


Шинжлэх ухааны нэршил нь  Nematanthus wettsteinii. Энэ  цэцэг нь алтан шаргал алтан загас мэт өнгөтэй болхоор нь хүмүүс Алтан загас гэж нэрлэсэн болов уу.Энэ цэцгийн уугуул нутаг нь Панам, Коста Рика улс. 30 гаран төрөл зүйлтэй байдаг Доошоо 90 см хүртэл унжиж ургадаг. Дээшээ 15-30 см хүртэл ургана. Гоёмсог өнгөлөг ногоон, зууван жижиг навчтай. Навч нь 5 см орчим урттай,зузаан шүүслэг байдаг.   Улбар шар, шар, улаан өнгийн юүдэн маягийн хэлбэртэй цэцгээр гоёдог. Хаврын сүүл сараас намрын сүүл сар хүртэл цэцэглэнэ.



Гэрэл дулаан
Өрөөний дулаан 16-25°C байх нь тохиромжтой. Доод тал нь  5°C аас багагүй байна.Энэ цэцэг их гэрэлсэг ургамал. Өмнө баруун, зүүн зүг рүү харсан цонхон дээр тавих нь тохиромжтой. Нарны шууд туссан хурц гэрлээс зайлуулж бага зэрэг сарнисан гэрэлд тавина. Өдрийн хурц нарнаас хамгаалж торон хөшиг татаж өгч болдог.

Чийгшил
Агаарын чийгшилийг их хэмжээгээр шаарддаг.Агаарын чийгшил дутагдсан үед цэцэглэлт зогсох, цөөрөх, цэцэглэсэн ч гэсэн удалгүй унах зэрэг шинж тэмдэг илрэнэ. Агаарын чийгшил багадсанаас хортон шавьж үржих нөхцөл бас бүрддэг гэдгийг анхаараарай. Агаарын чийгшилийг нэмэгдүүлэхийн тулд цэцгээ бага зэрэг устай хайргатай тавган дээр тавих, давхар ёроолтой саванд хийх, том задгай амтай саванд ус хийж тавих мөн агаар чийгшүүлэгчийг ажиллуулж болно.

Арчилгаа
Энэ цэцэг нь дөнгөж ургаж эхэлж байхдаа дээшээ ургадаг бөгөөд аажимдаа доош унжиж ургадаг байна.  Таны цэцэг цэцэглэхгүй байгаа бол илүү их гэрэлтэй газар тавиарай. Хэрвээ таны цэцэгний навч мушгирч эргэж эхэлбэл гэрэл дутагдсаны шинж бөгөөд илүү гэрэл сайтай газар байрлуулаарай.  Арчилгааг сайн хийж чадвал жилийн турш цэцэглдэг байна. Амралтын үе эхэлж таны цэцэг хагдаран унаж өнгөө алдаж эхэлбэл та санаа зовох хэрэггүй. Энэ нь ургамал өөрийгөө амраахад бэлдэж буй үзэгдэл юм. Амралтын үе эхэлмэгц цэцгээ гэрэл багатай сэрүүвтэр газар байрлуулаарай. Зориулалтын сагсанд хийж өлгөж ургуулахад тохиромжтой цэцэг.

Хөрс
3/1 хүлэрт хөвд, 3/1 хүлэр 3/1 пертил байх нь тохиромжтой. Ус сайн нэвтрүүлдэг хөрсөнд тарих нь тохиромжтой. Савны ероол заавал нүхтэй байх шаардлагатай. Энэ цэцэгний үндэс нь их мэдрэмтгий тул хөрсөн дэх ус ихэдвэл үндэс нь  амархан гэмтдэг. Ийм учир хөрсөн дэх усыг доош нь хурдан гадагшлуулахын тулд ус сайн нэвтрүүлдэг хөрс сонгоорой.

Усалгаа
Ид ургалтын үед нь сайн услах хэрэгтэй. Бусад үед хөрсийг сайтар хатсаны дараа дараагийн усалгааг хийнэ. Гэхдээ хөрсийг хэт хатааж болохгүйг анхаараарай. Шингэн бордоогоор 14 хоногт нэг удаа бордоно. Агаарын чийгшил их шаарддаг тул өдөр болгон усаар шүршиж өгөөрэй. Хоёр долоо хоногт нэг удаа бордоно. Өвөл намар бордолтыг зогсооно.

Үрслүүлэх
Үрээр болон мөчрийн тайрдасаар үржүүлж болдог. Мөчрийн тайрдасыг усанд хийж үндэслүүлсэний дараа хөрсөнд суулгана. Мөн хөрсөнд тайрсан мөчирөө үндэс идэвхжүүлэгчид дүрсэний дараа шууд суулгаж болно. Мөчирөө суулгасны дараа гялгар уутаар битүү ороон доогуур нь резиндэж өгөөрэй.  Хавар шилжүүлэн суулгалтын үед үндэсээр нь хувааж мөн үржүүлж болно. Жижиг нялх ургамлууд жилийн дараагаас цэцэглэж эхэлнэ. Цэцэглэлт дууссаны дараа та цэцгээ өтгөн,бутлаг  ургуулахыг хүсвэл дээд орой хэсгээс нь тайралт хийж болно.

Мэдээллийг delgeen.com - оос авсан болно. 


No comments:

Post a Comment