Wednesday, September 25, 2013

Хонгилой – Guzmania – Гусмания


Энэ цэцгийн уугуул нутаг нь Өмнөд Америкийн халуун бүс нутаг.  Салбатан  буюу      /bromeliad/ овгийн цэцэг. Монгол нэршил нь Хонгилой, Англи нэр нь Guzmania, Орос нэр нь Гусмания, Латин нэршил нь Guzmania Ruiz et Pav .  Ургамал судлаачид 130 гаруй төрөл зүйлийг нь одоогоор олж тогтоогоод байна. Хонгилой цэцэг нь өргөн тархаж ургадаг цэцэг. Навч нь  урт хатуу, тэвгэн хэлбэртэй 25-40 см урт 5-7 см өргөнтэй байдаг. Цэцэг нь улаан, шар, ягаан гоёмсог өнгөтэй байдаг. Тасалгаанд 30-45 см хүртэл өндөр ургана. Байгаль дээр ойд, мөн далайн төвшинөөс 2400 метрийн өндөрт ч энэ цэцэгтэй тааралдаж болно. 1802 онд Испанийн ургамал судлаач А. Гусмана энэ цэцгийг анх олж нээжээ.

Хөрс
Хөрс нь ус сайн нэвтрүүлдэг хөнгөн чанарын хөрс байна. 1% ширгэн хөрс, 1% хүлэр, 1% навчит хөрс, 1% хүлэр том ширхэгтэй элс байхаар хөрсийг бэлтгэнэ. Хонгилой цэцгийн үндэс бусад цэцгийн адил өргөн тархаж ургадаггүй тул хэт том саванд тарих нь тохиромжгүй бөгөөд савны ёроолд 1см орчим том ширхэгтэй хайрга дэвсэж өгнө. Энэ нь илүүдэл усыг гадагшлуулж үндэс ялзарахаас хамгаална.


Дулаан
Зундаа өрөөний дулаан 22-25 ° C өвөлдөө  16-20 ° C байх нь тохиромжтой. Агаар хэт хуурай халуун үед өглөө эрт эсвэл орой нар жаргасны дараа усаар шүршиж чийгшүүлнэ. Өрөөний агаар хэт хуурай халуун үед аалзан хачиг амархан үрждэг гэдгийг анхаараарай.

Гэрэл
Гэрэлсэг ургамал боловч нарны шууд тусгал тусах газар тавих нь тохиромжгүй. Баруун болон зүүн тийш харсан цонхны тавцан дээр тавих нь тохиромжтой. Өвөл хамгийн сайн нар тусдаг цонхын тавцан дээр тавина. Нарны гэрэл ихэдвэл навч шарлаж зөөлрөх үзэгдэл ажиглагдана.

Усалгаа
Хавар зуны улиралд дэвсээ навчны хонхорхойд 2/3 байхаар бодож усалгааг хийнэ. Намар өвөлдөө хөрс рүү нь усалгааг хийнэ. Хөрс хатсаны дараа дараагийн усалгааг хийнэ. Усалгааг ихдүүлбэл үндэс амархан ялзарч цэцэг үхэх аюултай гэдгийг анхаараарай.

Бордоо
5-8 сарын хооронд сард нэг удаа бордоно. Бусад цэцгийн бордох тунгаас дөрөв дахин сулруулж бордоог хэрэглэнэ. Хоёр жил тутам хавар шилжүүлэн суулгалтыг хийнэ.

Үржүүлэх
Үрээр тарьж болох ба хөрсөө бэлтгэхдээ том ширхэгтэй элс: навчит хөрсийг ижил хэмжээтэй байхаар бодож бэлтгэнэ. Мөн хавар шилжүүлэн суулгалт хийхдээ эх ургамлын хажуунаас гарсан жижиг нахиануудыг салгаж үржүүлж болно.

Хонгилой цэцгийн үр



No comments:

Post a Comment