Wednesday, September 25, 2013

Тогосон сүүл-Маранта-Maranta

Энэ цэцгийн Монгол нэр нь Судалтод, Тогосон сүүл, Англи нэр нь Maranta, Оросоор Маранта, шинжлэх ухааны хэллэг нь Maranta leuconeura гэдэг. Судалтодтоны                       / Marantaceae / овогт багтдаг. Шөнөдөө навч нь хуйлагддаг тул  Prayer Plant буюу Залбирдаг ургамал гэж нэрлэх нь бий. Энэ цэцгийн уугуул нутаг нь Төв болон Өмнөд Америкийн халуун бүс нутаг. Онгон зэрлэг байгальд 30 гаруй төрөл зүйл байдгаас тасалгааны нөхцөлд Калатея Calathea, Ктенанта Ctenanthe, Маранта Maranta ,  Строманта Stromante эдгээр төрлүүд нь илүү өргөн тархжээ.Цэцгийн Монгол нэршилийг Л. Энхтуяа, Н. Очгэрэл зохиогчтой *Тасалгааны ургамлыг тарьж ургуулах арга* номноос авав.

Энэ цэцэг нь бутлаг хэлбэрээр ургадаг булцуут ургамал юм. Өндөр нь 20-30 см навч нь 15 см орчим урт ургана. Навч нь  том, зузаан гялалзсан өнгөтэй байдаг. Навч нь улаан цагаан хоёр эгнээ бүхий хүрэн судалтай хурц тод өнгөтэй байна. Гэрийн нөхцөлд цэцэглэх нь ховор бөгөөд байгаль дээр гурван дэлбээ бүхий ногоон хүрээтэй жижиг цагаан цэнхэр цэцэг нэг ишэн дээр 3-5 цэцэг дэлгэрдэг. Навчаараа гоёдог цэцэг тул өрөө тасалгаанд чимэглэлийн зориулалтаар өргөн ашигладаг.
Хөрс
2% навчит хөрс 1% хүлэрт хөрс, 1% хар шороон хөрс, 1% элс байхаар бодож хөрсийг боловсруулна. Савны ёроолд 2 см дренаж дэвсэж өгнө.
Дулаан
Дулаан орчинд дуртай ургамал. Зундаа 25-27 ° C өвөлдөө 16-18 ° C байх нь тохиромжтой. Агаарын дулааны өөрчлөлтөнд их мэдрэмтгий цэцэг. Чийглэг агаар хүйтэн салхинд тэсвэр муутай.
Гэрэл
Хагас сүүдэрлэг орчинд сайн ургадаг. Өглөөний мандах нар болон үдээс хойш нарны илч буурсны дараа нарны шууд тусгалд тавьж болно. Нарны хурц гэрэлд удаан байлгавал навч борлож түлэгдэн гоёмсог өнгөө алдана. Навч хэт сунаж ургах, эсвэл хэт жижиг гарах нь гэрэл дутах, хэт хүйтэн усаар услах, тасалгааны агаар хэт халуун байх зэргээс шалтгаалдаг.
Усалгаа
Хөрсийг хэт чийгтэй биш байнга бага зэргийн чийглэг байхаар бодож усалгааг хийнэ. Хөрсийг хэт хатааж болохгүй. Агаар хуурай халуун үед навчийг нь шүршиж мөн долоо хоногтоо нэг удаа навчийг нь чийгтэй алчуураар арчиж  өгнө. Үсэрхэг навчтай судалтодтоны төрлийн цэцгийг навчийг шүршиж болон угааж болохгүй гэдгийг анхаараарай. Цэцэгнийхээ дэргэд задгай амсартай саванд ус хийж тавьж орчны агаарыг чийгшүүлж болно мөн хайрга дэвссэн устай тавган дээр цэцгээ байрлуулж болно. Агаарын чийгшил дутсан үед цэцгийн навч борлодог. Навч шарлаж унах нь усалгаа ихдэх, хөрсний нягтшил хэт их байгаагаас болдог.
Үржүүлэх ба шилжүүлэн суулгах
Залуу ургамлын хөрсийг жил бүр хавар сольж савыг томруулна. Том ургамлыг 2-3 жил болоод савыг солино. Ид ургалтын үед нь 14 хоногт нэг удаа бордоно. Өвөл бордолтыг зогсооно. Үрээр болон мөчрийн тайрдасаар үржүүлнэ. Мөн хавар шилжүүлэн суулгахдаа булцуугаар нь сллгаж үржүүлж болдог

No comments:

Post a Comment